Friday, September 11, 2009

Зүрх минь ХАЙР үнсэнэ ...

Дэн дунхан сэтгэлээ аргадаж, ялимгүй бүүдийх тэнгэрийг ширтэн бодол болсоор ажлын зүг алхлаа, гадаа тогтуухан ч хэзээ мөдгүй бороо орох гэж байгаа мэт, борооны өмнөх тэнгэр, ажилдаа явахаар алхаж буй бүсгүй хоёр бүүдийн дүнсийх нь даанч адилхан.

Уйтгарт бодлийг саринуулах хүүхдийн хөөрхөн инээд цалгин тэр инээдний зүг харвал буржигар үстэй,том алаг нүднээс нь хиргүй ариухан харц гэрэлтсэн гурав дөрөв орчим насны сэргэлэн бор Энэтхэг охин, тэнтэр тунтар алхах жаахан дүүгээ өxөөрдөн тоглож эгдүү нь хүрсэн бололтой хоёр хацрыг нь шахаад үнсэж,үнсэх бүрд нь дүү нь бас өөрөө ч баясан ход ход инээх нь сэтгэлд нэг л сайхан.

Дүнсийх царайд минь ялгүй инээмсгэлэл тодроно,сэтгэл арай дээр болж цааш алхан гэрлэн дохион дээр очлоо,гарцын эсрэг талд өмнөөс минь харан дунд сургуулийн хүү охин хоёр хөтлөлцөн зогсоно,охин их эрх бололтой,хөвгүүн түүний гарыг үнсэн гэрэл солигдохыг хүлээнэ,охин их ядарсан нэг л унжигар харин хөвгүүн түүнд нэг юм хэлэн хацар дээр нь үнсэхэд охин огт өөр хүн болсон мэт хөгжин инээх нь сэтгэлд бас л сайхан,тэр хоёртой зөрөн өнгөрөх тэр агшинд охин их жаргалтай байгаа нь илт байлаа,харин хүү их дөлгөөхөн танихгүй ч тэр хоёртой инээмсгэлэлээр мэндлэн зөрөөд цааш явлаа.

Метро хүлээн зогсох олны дунд хажууханд минь зэрэгцэн хижээл насны эрэгтэй эмэгтэй хоёр өөд өөдөөсөө харан юм ярин зогсоно,удалгүй мерто ирэхэд эрэгтэй нь сууж эмэгтэй харин түүнийг үнсээд гараа даллан галт тэрэгний гадаа үлдлээ,харц нь их зөөлөн,зөөлөн харцны цаана хэмжээлшгүй их хайр буй нь илт,хэдий насны хувьд харьж яваа ч хайр нь залууханаараа шинээрээ байгаа нь бас л сайхан.Сэтгэл хөнгөрөөд л....

Хэдэн буудал явсаны дараа замаас нэгэн бүсгүй суулаа,жирэмсэн тэр бүсгүй өнөө маргаашгүй төрөх дөхсөн бололтой гэдэс нь их том гэсэн ч тэр бүсгүй тогоо шиг том гэдсэндээ огт түүртэхгүй, жижигхэн гараараа илэн жаргалтай инээмсгэлэх нь үрээ хүлээн уулзах тэр өдрийг тэсэн ядан хүлээж буй нь илт,жаргалтай инээмсгэлэн байх тэр бүсгүй үнэхээр хөөрхөн байлаа,түүнийг хараад ''сайн ээж болно доо'' гэж нэгэн бичлэгт минь сэтгэгдэл бичиж байсан Ганаа_бж эгчийн үг л санагдаж байлаа.

Бүсгүйн хажуухан талд залуу хос сууж,залуу нь жижиг компьютер тоглоомоор их л идэвхийлэн тоглоно харин түүний бүсгүй мөрийг нь налан унтаж буй ч бас л эрхлэнгүй жаргалтай харагдана,галт тэрэг зогсох болон хөдлөхөд бүсгүй нүдээ нээн залуугаа харж,залуу ч түүний хацрыг илэн үнсэнэ,бүсгүй ч хариу болгон залуугын мөрийг үнсэх нь тэднээс өөр жаргалтай хос байхгүй мэт,хайр гэрэлтсээр л....

Эргэн тойронд минь байх бүгд л хайр цацруулан,жаргалтай инээмсгэлэн байхад миний дотор гомдол гуниг яаж удаан байж чадах билээ,гомдол гуниг үргээх энхрий жаахан,эрхэмсэг төгөлдөр,энгүй уужуу,нас насандаа л дурлах тэдгээр хүмүүсийн хайр,бие биедээ илгээх үнсэлт юутай сайхан.

Тэднээс авсан сайхан хайр,халуухан үнсэлтийг та нарын зүг илгээлээ,энэ хайр энэ үнсэлтээ хайртай хүмүүстээ бэлэглээрэй.

No comments:

Post a Comment